Газар тариаланд дуслын усалгааг хэрэглэснээр ус бага зарцуулж, арвин их ургац авах боломжтой учраас энэхүү арга нь гадаргын усны нөөц багатай орнууд, ялангуяа АНУ-ын баруун бүс, Израйлд өргөн хэрэглэгддэг. Дуслын усалгааны арга нь усанд хэмнэлттэйн дээр бас ургамал хамгааллын чухал ач холбогдолтой. Тухайлбал гадаргуугийн ба бороожуулах аргаар услах нь ургамлын навчийг хэт их норгосноос болж мөөгөнцрийн өвчний тархалтыг нэмэгдүүлдэг. Тэгвэл дуслын усалгаа нь усыг зөвхөн үндсэнд шингээх учир навчны өвчлөлтийг бууруулна. Мөн түүнчлэн усандаа бордоо уусган ургамлыг бордож зардал хэмнэх, өөрөөр хэлбэл "нэг сумаар хоёр туулай буудах" боломжтой.
Монголын Хөдөө аж ахуйн их сургуулийн Агробиологийн сургуульд 1996 оноос хойш энэ технологийг ХБНГУ-ын Вайнштэфэны мэргэжлийн дээд сургуультай хамтран ил талбайн ба хүлэмжийн хүнсний ногоо, цэцгийн мандалд туршиж тодорхой үр дүн гаргаад байна. Тухайлбал ХААИС-ийн багш Мөнхтуяагийн хийсэн судалгааны үр дүнд Монгол орны нөхцөлд дуслын усалгааны нийт зарцуулалт нь гадаргуугийн усалгаанаас хоёр дахин бага, харин ашигтай зарцуулалтын коэффицент нь хоёр дахин их байх боломжтой нь тогтоогджээ.
Дуслын усалгаа нь ургамалд хэрэгцээтэй усыг үндсэнд нь дусал хэлбэрээр өгөх арга юм. Дусал хэлбэрээр өгөхөд усыг өндөр даралтаар шахах шаардлагагүй. Ус гүйх шланканд полиэтилен материалаар хийгдсэн дуслагчуудыг холбож өгдөг (зураг 1 ба 2).
| зураг 1. Дуслагч | зураг 2. Дуслагчаас ус шүүрч байгаа нь |
Дуслын усалгааны төхөөрөмжийн ус орж буй хэсэгт усны цорго, усны даралт хэмжигч, шүүлтүүр, даралт бууруулагч гэсэн эд ангиуд байрладаг. Даралт бууруулагчаас усны шланк залгагдаж, шланканд дуслагчуудыг таримал ургамлын төрөл зүйл, мөр хоорондын ба ургамал хоорондын зай гэх мэт тухайн нөхцөл байдалд тохируулан холбоно. Төхөөрөмжөө бага талбайд буюу хүлэмжинд бол гараар, том талбайд бол трактороор суурилуулна.
а. Дуслын усалгааны төхөөрөмжийг гараар суурилуулах
Эхлээд талбайд шланк суулгах ховилуудаа услах ургамлын мөрүүдийг дагуулж татна. Дараа нь усны төв хуваарилагчаас шланкуудаа салаалан, ховилуудад суулгана. Суулгасны дараа шланк, дуслагчуудаа эвдэрч гэмтээгүй, хэвийн ажиллагаатай байгааг нь шалгаад, хөрсөөр хучина. Одоо ус тавьж үзвэл дусалж буй газруудад чийг нь хөрсний гадаргууд мэдэгдэнэ.
б. Дуслын усалгааны төхөөрөмжийг трактороор суурилуулах
Томоохон талбайд бол дуслын усалгааны төхөөрөмжийг трактороор суурилуулах боломжой. Баруунд бол энэ ажлыг дангаар нь бус, харин талбай хучих ажилд хавсран хийж хэвшсэн байна. Yүний тулд хучигч багаж Фолиоматад усны шланк суулгах багажийг нэмж угсардаг.
| Фолиомат | Шланк суулгах багаж | Хучлагатай, дуслын усалгаатай талбай |
Монгол орны нөхцөлд дуслын усалгааг суурилуулсан жишээнүүд
1. Борнуурт төмсний талбайд дуслын усалгааг суурилуулсан нь
| Талбайн захад буй усны хуваарилагч шланк | Хөрсний чийгийг хэмжих зориулалтаар суулгасан тензиометр |
2. Бага оврын ногооны хүлэмжинд дуслын усалгааг суурилуулсан нь
Дуслын усалгааг хүлэмжинд ашиглахад тохиромжтой. Хэрэв хүлэмж нь худгаас усаа авдаг бол торх усаар дүүргээд өндөрлөг газар тавихад хангалттай. Усны хуваарилагч шланкийн нэг үзүүрт крант залгаад, торхондоо холбоно. Энэ хуваарилагчыг хүлэмжинд оруулж, ургамлын мөр тус бүрд, дуслагч бүхий усалгааны шланкуудыг салаална.| Устай торхонд холбосон хуваарилагч шланкын хуваарилагчаас усалгааны шланкуудыг салаалан дуслагчууд залгаж байгаа нь | |
3. Yрслэгийн талбайд дуслын усалгааг суурилуулсан нь
Хүлэмжинд суурилуулахтай ижил аргаар суурилуулна. Мөн л торхтой уснаас хуваарилагч шланкаар авсан усаа усалгааны шланкаар дамжуулан, дуслагчаар дуслуулна.| Торхноос ус гарч байна | Yрслэгийн хайрцагт хуваарилагчийг тогтоож байна | Мөр бүрд усалгааны шланк тавив |
Хөрсний чийгийг тензиометрийн аргаар хэмжих
Хөрсний чийгийн хангамжийг хэмжих олон арга байдгийн нэг нь сорох хүчдэлээр нь хэмжих арга юм. Энэ аргаар хийх хэмжилтэд тензиометр багажийг ашигладаг. Тензиометр нь керамик материалаар хийгдсэн үзүүртэй, целлюллоз хоолой, манометр гэсэн эд ангиудаас бүрдэнэ. Тензиометрийг ашиглахдаа усаар дүүргээд, агаар оруулалгүйгээр таглаж, хөрсөнд хөдөлгөөнгүй зооно. Тензиометр нь хөрсний сорох хүчдэлийг (= даралтын эсрэг хүч)гекто Паскаль буюу гПа нэгжээр, 0-800 гПа-ийн хоорондох хязгаарт хэмждэг. Тензиометорийг усанд хийвэл хоолойн дахь ус гадагш алдагдахгүй учир сорох хүчдэл нь
0 гПа, харин хөрсөнд зоосон үед хөрсний хуурайшлаас хамааран сорох хүчдэл нэмэгдэж дээд тал нь 800 гПа хүрэх боломжтой.
| | |
Тензиометрээр хэмжилт хийхийн ач тус нь таримал ургамлын усалгааны тохиромжтой горимыг тогтоож, шинжлэх ухааны үндэстэй, эдийн засгийн үр ашигтай хувилбараар услахад оршино. Зарим хүнсний ногооны хувьд сорох хүчдэлийн зохистой хэмжээг нормчлон гаргасан нь бий боловч фермер хүн өөрийнхөө талбайд туршилт хийж үзэх нь зүйтэй. Учир нь байгаль, цаг уурын зөрүүтэй байдал, дэлхийн цаг уурын өөрчлөлт зэргээс шалтгаалаад аливаа нормчилсон утгуудыг фермерийн аж ахуйдаа шууд тохирно гэж vзэхэд эргэлзээтэй болж байна.
No comments:
Post a Comment