Дуслын усалгааны арга нь усанд хэмнэлттэйн дээр бас ургамал хамгааллын чухал ач холбогдолтой. Тухайлбал гадаргуугийн ба бороожуулах аргаар услах нь ургамлын навчийг хэт их норгосноос болж мөөгөнцрийн өвчний тархалтыг нэмэгдүүлдэг. Тэгвэл дуслын усалгаа нь усыг зөвхөн үндсэнд шингээх учир навчны өвчлөлтийг бууруулна. Мөн түүнчлэн усандаа бордоо уусган ургамлыг бордож зардал хэмнэх, өөрөөр хэлбэл "нэг сумаар хоёр туулай буудах" боломжтой.
Монголын Хөдөө аж ахуйн их сургуулийн Агробиологийн сургуульд 1996 оноос хойш энэ технологийг ХБНГУ-ын Вайнштэфэны мэргэжлийн дээд сургуультай хамтран ил талбайн ба хүлэмжийн хүнсний ногоо, цэцгийн мандалд туршиж тодорхой үр дүн гаргаад байна. Тухайлбал ХААИС-ийн багш Мөнхтуяагийн хийсэн судалгааны үр дүнд Монгол орны нөхцөлд дуслын усалгааны нийт зарцуулалт нь гадаргуугийн усалгаанаас хоёр дахин бага, харин ашигтай зарцуулалтын коэффицент нь хоёр дахин их байх боломжтой нь тогтоогджээ.
Дуслын усалгаа нь ургамалд хэрэгцээтэй усыг үндсэнд нь дусал хэлбэрээр өгөх арга юм. Дусал хэлбэрээр өгөхөд усыг өндөр даралтаар шахах шаардлагагүй. Ус гүйх шланканд полиэтилен материалаар хийгдсэн дуслагчуудыг холбож өгдөг (зураг 1 ба 2).
зураг 2. Дуслагчаас ус шүүрч байгаа нь
No comments:
Post a Comment