Monday, May 31, 2010

Хөрсний чийгийг тензиометрийн аргаар хэмжих

Хөрсний чийгийн хангамжийг хэмжих олон арга байдгийн нэг нь сорох хүчдэлээр нь хэмжих арга юм. Энэ аргаар хийх хэмжилтэд тензиометр багажийг ашигладаг. Тензиометр нь керамик материалаар хийгдсэн үзүүртэй, целлюллоз хоолой, манометр гэсэн эд ангиудаас бүрдэнэ. Тензиометрийг ашиглахдаа усаар дүүргээд, агаар оруулалгүйгээр таглаж, хөрсөнд хөдөлгөөнгүй зооно. Тензиометр нь хөрсний сорох хүчдэлийг (= даралтын эсрэг хүч)гекто Паскаль буюу гПа нэгжээр, 0-800 гПа-ийн хоорондох хязгаарт хэмждэг.
Тензиометорийг усанд хийвэл хоолойн дахь ус гадагш алдагдахгүй учир сорох хүчдэл нь 0 гПа, харин хөрсөнд зоосон үед хөрсний хуурайшлаас хамааран сорох хүчдэл нэмэгдэж дээд тал нь 800 гПа хүрэх боломжтой.
Тензиометрээр хэмжилт хийхийн ач тус нь таримал ургамлын усалгааны тохиромжтой горимыг тогтоож, шинжлэх ухааны үндэстэй, эдийн засгийн үр ашигтай хувилбараар услахад оршино. Зарим хүнсний ногооны хувьд сорох хүчдэлийн зохистой хэмжээг нормчлон гаргасан нь бий боловч фермер хүн өөрийнхөө талбайд туршилт хийж үзэх нь зүйтэй. Учир нь байгаль, цаг уурын зөрүүтэй байдал, дэлхийн цаг уурын өөрчлөлт зэргээс шалтгаалаад аливаа нормчилсон утгуудыг фермерийн аж ахуйдаа шууд тохирно гэж vзэхэд эргэлзээтэй болж байна.

No comments:

Post a Comment